Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ

Өмнөговь аймгийн Сэврэй сум байгуулагдсан түүх

2017-10-09

Сайн ноён хан аймгийн ёст бээсийн хошуу 1691 онд байгуулагдсан түүхтэй. Энэ хошуунд одоогийн Хүрмэн, Баяндалай, Ноён, Гурвантэс, Сэврэй сумд бүхлээрээ, Булган, Ханхонгор сумын хагас, Баянхонгор аймгийн Баянлиг сум багтаж байжээ. Хошууг гурван багт хувааж байсны зүүн багт Сэврэй сум ордог байв. Тус хошуу манжийн дарлалд байх үед Халхын умар замын зүүн гарын баруун этгээдийн /1691-1911 он/ хошуу гэж нэрлэгдэж байв.
Ёст бээсийн хошуу 10-аад хийдтэй байсны дотор Сэврэй сумын нутагт Дугана гол, Цагаан суварганы жижиг хийд, жас байснаас 1880-аад онд Дуганы хийдийг Зүүн сайханы Уул жаргалантийн хийдэд нийлүүлэх шийдвэр гаргажээ.
   Энэ хоёр хийд шарын шашны зан үйлийг 1930-аад оны дунд үе хүртэл явуулж байгаад хураагдсан байна.
              Монгол улсын Засгийн газрын 1923 оны 10-р сарын 19-ний өдрийн 39-р тогтоолоор аймгуудыг газар усны нэрээр нэрлэхэд Цэцэрлэг мандлын аймгийн Говь гурван сайхан уулын хошуу гэж нэрлэгдсэн энэ хошуунд манай сум харъяалагдаж байжээ. 1923 оны 3-р сард улсын хэмжээгээр багуудын хурал хийж багуудыг зохион байгуулан мөн оны 7-р сард хошууны төлөөлөгчдийн хурал хийлгэж, 9-р сард сумдыг байгуулах хурлууд болжээ.
Сэврэй сумыг Ноён богд сумаас тасарч байгуулагдсан гэдэг ч архивын баримт сэлтээс үзвэл арай өөр бололтой. Д. Лувсаншаравын бичсэнээр “Говь гурван сайхан уулын хошуу, сумын түүх” хэмээх гар бичмэлд “Говь гурван сайхан уулын хошууг Хонгор- овоо / одоогийн Баяндалай сум /, Ноён, Хүрмэн сумдаас гадна Сэврэй, Норов хэмээх хоёр сумыг нэмэн зохион байгуулсан тухай өгүүлжээ.
Ийнхүү Сэврэй сум 1926 оны 9-р сард Сэврэй уулын зүүн үзүүр ар,  “Үзүүр гүн” гэдэг газар байгуулагдан Осор гэвшээр сан тавиулж, анхныхаа галыг Бүрэнбадрах гэдэг хүнээр асаалган, сумын даргаар Санжийн Пүрэвийг сонгож , анхны нарийн бичгийн даргаар Гарьдын Жанцан, бичээчээр Аюушийн Лодон нар томилогджээ.
Сумын анхны дарга Санжийн Пүрэв нь Богд хааны торгон цэрэгт алба хааж байсан, бичиг үсэг мэддэг хүн байсан  бөгөөд цэргээс ирээд тамгын бошго, бичээч, 50- тын дарга хийж явжээ. Бичээч Лодон  багаасаа бичиг үсэг сурч, хошуу тамгын газар бичээч, багийн дарга, намын хороонд суртлын хэлтсийн улс төрийн байцаагч, удирдагч, хоршоодын холбоонд хариуцлагатай ажил хийж байсан.
Шинээр байгуулагдсан Сэврэй суманд Овоотын хийдээс 5 гэр өгөх байсныг өгөөгүй учир Суварганын хийдээс нэг гэр авч бариад дараа нь 2 гэр авсан байна. Ингэж Сэврэй сум анх ганц гэртэй, 5 багтай, баг тус бүр нь 3 хоринтой байгуулагдсан түүхтэй.
Сум анх байгуулагдахад 245 өрх, 1363 хүн, үүнээс лам 276, мал 39889 толгой байжээ.Сумын багуудыг газар усны нэрээр нэрлэж Нэмэгт уулын, Сэврэй уулын, Зөөлөн уулын, Баянцагаан уулын, Баяннуруу уулын баг гэж байжээ.
              Сэврэй сумын төв байгуулагдсан цагаасаа хойш 10-аад удаа буюу үзүүр гүнээс Сэврэй уулын өвөр Агчив, дараа нь Зөөлөнгийн баруун үзүүр Даравгай, Хажуу, Талын худгийн зөрүү, үйзэнгийн баруун Тэсгэнэ бууц, Нүдэн шавагтайгаар нүүдэллэж байгаад 1938 онд Дугаа туслагч шинжин таван хэлийн амьтан цуглах эрдэм шидтэй газар гэснээр Зөөлөнгийн өвөр Бүйлсэнд ганц гэртэй бууж 5 жил болохдоо 2-3 барилга барьж тохижсон байна.Бүйлсэн одоо ч  багийн төв хэвээр байгаа билээ.
Монгол улсын бага хурлын хуралдааны 1941 оны 2-р сарын 26-ны өдрийн шийдвэрээр Мандал-овоо, Сэврэй, Ханбогд, Ханхонгор сумдын төвийг өөрчлөхөд 1942 онд Сэврэй сумын төвийг Хөтөл булагт төвлөрүүлжээ. Эндээ нэг жил болоод 1943 онд Суваргана хурлын буурь одоогийн Сайншандад сумын захиргаа, намын үүр, хоршоо, сургууль, хүн, малын эмнэлгийн 10-аад гэртэйгээр нүүн ирж  өнөөг хүртэл өргөжин тэлж  байна.
Тэр үед тус сум 6 баг, 500 гаруй өрхтэй байжээ.1948 онд орон нутгийн зохион байгуулалтаар Төхөмийн 4-р багийг Баяндалай суманд, 1954 онд Нэмэгт, Алтан уулын өрхүүдийг шинээр байгуулагдсан Тост суманд шилжүүлсэн байна.
               Сэврэй сум нь Зөөлөнгийн зүүн үзүүрээс баруун тийш Алтан уул, Зулганай хүртэл 250 км, хойт тал нь Арцын өвөр хоолойгоос урагш 150 км нутагтай гэж 1939 онд хуралдсан сумын их хурлын илтгэлд тэмдэглэгдэн баг бүрээр нутгийн хэмжээг тодорхойлсон байна.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%